2015-05-03
Хөргөгч
Хөргөгчний моторын хүнгэнэсэн чимээ яагаад ч юм Бурмаагийн нойрыг бүр хулжааж орхижээ.
Уг нь зүгээр л нэг хөргөгчний дуу шүү дээ. Энэ шөнө Бурмаагийн дүү нь түүнтэй хань болж
хонож байгаа бөгөөд хааяа хааяахан зөөлхөн хурхирах чимээ гарах нь Бурмаагийн жихүүцсэн
сэтгэлийг тайтгаруулах мэт. Хэрвээ үе үе дуулдах дүүгийн нь хурхирах амьсгалах чимээ гарахгүй байсан бол Бурмаа гэрээсээ гараад гүйхэд бэлэн байсан биз. Өөрийгөө чухам яагаад айгаад
байгаагаа сайн ойлгохгүй байгаа ч сүүлийн үед өөрийнхөө жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулж
чадахаа ер больжээ. Нөхөр нь нас бараад зургаахан сар болж байгаа түүний хувьд харин
хаа очиж ганцаардаж нөхрөө үгүйлээд байхаа хэдийн больсон. Чухам яагаад ч юм бүү мэд
нөхрөө ослоор өөд болоход нь бүр тэгтлээ их харамсаагүйгээ бодохоор Бурмаа өөрийгөө хааяа
гайхаад бардаггүй ажээ.
"Би нөхрөө өөд болоосой гэж хүсч байсан хэрэг үү. За үгүй дээ, яалаа гэж тэгэх вэ дээ. Би
түүндээ хайртай л байсан. Хорвоо биднийг салгасан учраас үхсэний хойноос гуниглахгүй байгаа
нь харин сайн хэрэг. Хувь заяатайгаа эвлэрээд ингээд л болох бүтэхээрээ сайхан амьдрах
хэрэгтэй” Бурмаа ийн бодол болон хэвтсээр. Гэр хороололд тохилог хашаа бүхий хоёр давхар
хашаанд амьдрах түүний хувьд энэ шөнө үнэхэр ямар нэгэн юм болох гээд байгаа юм шиг л
зөн совин татаад байв.
...Үгүй бас гайхалтай юмаа. Энэ хөргөгч ингэж чанга дуугардаг билүү. Уг нь шинэхэн хөргөгч
юмсан. Шөнө дунд болоод ирэхийн үед л ингэж трактор шиг дуугараад байгааг нь ердөө ч
ойлгохгүй юм хэмээн Бурмаа өөрөө өөртөө хэлж босч үзэхийг завдсанаа орон дээрээ хэсэг
тээнэгэлзэх нь тэр. Ядаж тог тасарчихсан, сарны гэрэл ч тусахгүй энэ шөнө гэр гадаа тэр аяараа
л харанхуй. Хав харанхуй энэ байшин дотор зөвхөн ор хөнжлийн цагаан хэрэглэл нь л ялгарч
харагдана. Бурмаад өчигдөр шөнийн зүүд нь бодогдоод энэхэн агшинд бүр хөшиж орхижээ.
Тэр зүүд ёстой муу ёрын зүүд байсан. Тэрээр зүүдэндээ тачигнаж дуугарсан хөргөгчөө чухам
яагаад байгааг нь очиж шалгасан. Гэтэл тэндээс үнэхээр аймшгийн дүр зураг олж хараад
эгээтэй л зүүдэндээ цус харвачихаагүй. Бурмаа хоёр давхарт байх унтлагын өрөөнөөсөө яаран
бууж галын өрөөнийхөө гэрлийг асаагаад хөргөгчөө хартал...тийм ээ, үнэхээр хөргөгчин дотор
нь ямар нэг юм пижигнэтэл буцалж, тэндээ багталгүй цагаан мөлгөр хаалгыг нь даван улаан
цус урсаж байсан. Дотор нь чухам юу байгааг очиж үзэхээр хөргөгч рүүгээ алгуурхан дөхөж
байгаад цочоод сэрчихсэн. Тэгээд л айсандаа үүр цайтал унтаагүй. Өглөө нар гарсан хойно
бага зэрэг тайвширч өнөөдөр ийн охин дүүгээ гэртээ авчран хамтдаа хонож байгаа билээ.
Тар тар хийн хүчтэй дуугарах тэр чимээ яах аргагүй хөргөгчнөөс нь дуулдаж байгааг Бурмаа
зөнгөөрөө мэдэж байлаа. Магадгүй өөрийгөө зүүдэлж байна гэж бодоод хацраа хүртэл чимхээд
үзтэл өвдөж байна аа. Тэгэхээр би сэрүүн байна хэмээн хэлээд зүүд биш байсанд харамсах ч шиг
болов. Ядахдаа хөргөгчнөөс гарч байгаа тэр дуу яг л урьд шөнийн зүүдэнд дуулдаж байсан тэр
хэмнэлээр дуугараад болдоггүй. Бүр сүүлдээ тэр чимээ нь Бурмааг нэрээр нь дуудаад байгаа
ч юм шиг санагдаж эхлэх нь тэр. "Хэрвээ одоо доошоо буугаад очвол яг өчигдрийн зүүдэндээ
үзсэн тэр дүр зургийг олж харах юм биш байгаа” хэмээн бодсоноо гэнэт энэ бодлоосоо цочих
шиг боллоо. Бурмаа айсандаа бүр дагжин чичирч байв. Хамаг биеийн нь хар хөлс цутгажээ.
Тэр хөргөгч ердөө чимээгүй болсонгүй, улам л чанга дуугараад байв. Бурмаа бүр яахаа мэдэхээ
байж дүүгээ татаж сэрээлээ. Дүү нь нойроо харамлан "яав” хэмээн дурамжхан асуух нь хэзээ
мөдгүй эргээд унтахад бэлэн байгаа нь илт.
-Тэр доор юу дуугараад байна аа. Трактор дуугарч байгаа юм шиг л сонсогдож байна. Энэ дуу
яах аргагүй хөргөгчнөөс гараад байна даа. Хоёулаа очиж үзье тэгэх үү Одноо?
-Бурмаа эгч ээ унт л даа. Юу ч сонсогдохгүй л байна даг. Алив чимээгүй сонсоё. Тээр та бид
хоёрын амьсгалаас өөр чимээ энэ гэрт гарахгүй л байгаа биздээ.
-Чамд үнэхээр сонсогдохгүй байна уу?
-За за унтаа, би өглөө эрт хичээлтэй.
Ингэж хэлээд дүү нь хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн таг чиг боллоо. Бурмаа бүр мэл гайхаж
хоцров. Яах аргагүй л дуугарсан даа. Одоо ч гэсэн дуугарч л байна. Одноо л нойрмоглоод
юу ч сонссонгүй хэмээн хэдийн унтчихсандүү рүүгээ зэмлэнгүй харснаа чимээ гарч буй доод
давхар луу зүглэлээ. Гартаа лаа асаан шатны гишгүүр дамжин алгуурхан доошлох Бурмаагийн
зүрх хурдан хурдан цохилох аж. Доод давхар луу дөхөх тусам хөргөгчний тачигнах чимээ
улам чанга сонсогдож байлаа. Бурмаа хэдй буцаж гүйгээд дүүгийнхээ өвөрт ормоор болсон ч
энэ удаа зориг гаргахаар хатуу шийдэв. Хэрвээ гэрт өөр хүн байж гэмээнэ нь унтлагын цагаан
хувцастай үсээ задгайлж гартаа лаа барин сэмхэн гэтэх Бурмааг хараад үхтлээ айх байсан нь
дамжиггүй биз.
Одоо Бурмаад гал тогооны өрөөнд ороход ердөө долоо эсвэл наймхан алхам үлдээд байв.
Гартаа барьсан лаа нь чичигнэж буйгаас үзэхэд Бурмаа маш ихээр айж байгаа нь илт. Ийнхүү
Бурмааг яг галын өрөөний үүдэн дээр тулаад ирэх үед хөргөгчний дуу гэнэт зогсч асаалттай
лаа нь унтран өрөөний гэрэл ч мэлс хийтэл аслаа.
Бурмаа ч гартаа атгасан лаагаа алдаж орхиод орь дуу тавин гүйсээр нэг л мэдэхэд унтлагынхаа
өрөөнд орсон байв. Дүү Одноо нь юу ч болоогүй юм шиг тайван унтах аж. Удалгүй үүр цайж
гэгээ орсноор Бурмаа тайвширч нам унтаж орхижээ. Дөнгөж зүүрмэглэх төдийд л нөгөө зүүд
нь давтагдаж хөргөгчнийх нь хаалгыг давж нэлий улаан цус урсаж байгаа мэт зүүдэнд нь
үзэгдэнэ.
-Бурмаа эгч ээ, өглөөнийхөө цайг уугаарай гэх дүүгийнхээ цовоо дуунаар Бурмаа нойрноосоо
бүрмөсөн сэрлээ. Шөнө тачигнаж байсан хөргөгчний дуу одоо дуулдахаа больжээ. Бурмаагийн
шөнийн айдас нь ор мөргүй алга болсон ч царай нь их л шаналангуй харагдах аж. Гал тогооны
өрөөнд дүү нь хоёр хүний өглөөний цай бэлдчихсэн хүлээж байлаа. Одноо өчигдөр шөнийн
тухай юу ч дурссангүй. Харин ум хумгүй цайгаа ууж дууссаныхаа дараа "Өглөө хөргөгчний
чинь шалан дээр цус тунарчихсан байхаар нь арчсан. Доторх махаа хөлдөөж чадахгүй, их л
муу хөргөгч байна даа” гэж хэлээд гарч одов. Энэ үгийг сонссон Бурмаагийн дотор палхийгээд
явчихав. Тэр зүүдэлсэн зүүд нь үнэхээр бодит амьдрал дээр биеллээ олсон юм биш байгаа. Бас
өчигдөр шөнө тог тасарсан байснаа галын өрөөний гэрэл гэнэт ассан, тэгсэн мөртлөө хөргөгч
дуугараад байсан шүү дээ. Ингэж бодоод Бурмаа хөргөгчнийхөө хаалгыг нээж үзлээ. Ямар ч
мах гэсч цус нь урссан шинж алга. Тэс хөлдүү байсан тэр л чигээрээ. Дүү Одноо нь хичээлдээ
яарч байсан болохоор гэссэн махны учрыг олно гэхээс тээршааж эгчдээ даатгаж орхиод ум
хумгүй зугтаж орхисон нь ойлгомжтой. Тэгээд л хөргөгчийг нээж үзэхийг завдсангүй доор нь
тунарсан цусыг арччихаад явчихжээ. Бурмаа дүүгээ худлаа ярьсан юм болов уу ч гэж бодох
шиг. Гэхдээ л ямар ч шалтгаангүй дүү нь ингэж худлаа хэлэхгүй гэдгийг Бурмаа мэдэхийн
дээдээр мэдэж байв. Энэ шөнө эгч дүү хоёр гэртээ хоносонгүй. Мэдээж энэ бол Бурмаагийн
санаачлага байсан бөгөөд хоёр давхар ямар ч эр хүнгүй байшинд дахин шөнийг өнгөрөөнө
гэхээс яс нь хавтайсных.
Шөнө болжээ. Энэ шөнө Бурмаагыийн чихэнд ямар нэгэн хөргөгчний чимээ сонсогдоогүй,
тэгээд ч аав ээж, дүү нар нь шуугилдаад сэтгэл тэнэгэр байлаа. Дахиад л зүүд. Гэхдээ Бурмаа
өөрийгөө зүүдэлж байгаагаа мэдэж байгаа хэрнээ сэрэх гээд сэрж чадсангүй. Гэрийн нь
хөргөгчин дотроос хэн нэгэн гарах гээд хамаг тэнхээгээ шавхаж байгаа юм шиг санагдаж
өөрийн мэдэлгүй гэр лүүгээ хамаг хурдаараа гүйж байх юм. Гэрийнхээ босгон дээр тулж ирэхэд
бүх өрөөнийх нь гэрэл унтраалттай хэрнээ зөвхөн галын өрөөнийх нь гэрэл асаалттай, цаана
нь хэн нэгэн байгаа мэт бөгтөлзсөн сүүдэр үзэгдэж байлаа. Гэрт ороход анир чимээгүй, галын
өрөөнийх нь хаалга хаалттай. Харин завсраар нь гэрэлтэй байгаа нь харагдаж байлаа. Энэхэн
агшинд Бурмаа сэрэхийг үнэхээр их хүсч хэн нэг нь биеийн нь хаа ч хамаагүй нэг хэсэгт нь
хүрээсэй хэмээн тэсэлгүй хүсч байлаа. Тэгэхгүйгээр сэрж чадахгүй гэдгээ ч мэдэж байв. Оюун
ухаан нь зүүдэлж байгаагаа мэдсэн хэрнээ зүүд үргэлжилсээр...
...Галын өрөөнийхөө хаалгыг алгуурхан нээлээ. Хөргөгч нээлттэй, хамгийн аймшигтай нь хэн
нэгэн халзан толгойтой чармай нүцгэн эр буруу харж явган суугаад шир шир хийтэл ямар
нэгэн юм идэж байх юм. Бурмаа бүрэн айдаст автан гарч гүймээр байсан ч тэгсэнгүй. Тэр
ховдоглон идэж буй залуугаас нүдээ салгаж ч чадсангүй. Түүн рүү алгуурхан дөхлөө. Араас нь
хэн нэгэн гэтэж байгааг ер мэдсэн шинжгүй, үхээнц цагаан биетэй, ямар ч үсгүй энэ мөлчгөр
эрийн биеэр цус гүйж байгаа шинж алгаа. Хөргөгчний хаалгыг нээчихсэн ямар нэг юм ухаан
жолоогүй ховдоглон идэх энэ эр чухам хэн юм бол гэж Бурмаа гайхаж мөрнөөс нь татаж
үзэхээр шийджээ. Мөрөнд нь гараа хүргэв. Чармай нүцгэн мөлчгөр эрийн бие хөлдүү гэмээр
сэтгэгдэл төрүүлэх аж. Ховдоглон идэх нүцгэн эр эргэж харсангүй. Бүр араас нь хэн нэгэн
ирээд мөрөн дээр нь гараа тавьж байгааг ч мэдсэнгүй, юуг ч юм амтархан идсээр. Бурмаа
гайхаж бүр мөрнөөс нь хүчтэй угзран татахад ямар ч хөмсөг сормуусгүй, тас хар нүдтэй,
завьжийг нь дагаж цус урссан нүцгэн эр сая эргэж харав... Ээ бурхан минь, энэ чинь хэн бэ?
Таньдаг хүн бүр таних танихдаа дэр нэгтгэн хамтдаа амьдрач байсан эр нөхөр нь байхыг
олж хараад зүүднээсээ цочин муухай орилон сэрлээ. Гэрт анир чимээгүй нам жим байх агаад
эцэг эх дүү нар нь бүгд гүн нойрондоо автаж байв. Бурмаа яаран хувцаслаад гараад гүйлээ.
Бурмаагийн өөрийн нь гэр эндээс нэг их холгүй бөгөөд түүнийг ийн гэрээс гараад явахыг хэн ч
мэдсэнгүй. Бурмаа хар эрчээрээ гүйсээр хашааныхаа гадаа иржээ. Хашааныхаа хаалгыг нээж
ортол үнэхээр гал тогооных нь өрөөний гэрэл асаалттай байлаа. Бурмаа өөрийгөө чухам хий
юм харав уу хэмээн гайхсан хэдий ч яалт ч үгүй ганцхан галын өрөөнийн нь гэрэл асаалттай
үзэгдэнэ. Хараал идмэр гэж ядаж дотор нь үнэхээр хэн нэгэн байгаа бололтой шүү. Бурмаа
дахиад л бүсгүй хүнд баймгүй зориг гаргаж байшингийхаа хаалгыг түлхүүрдэн нээлээ. Хэрвээ
үнэхээр гаднаас хүн нэвтрэн орж ирсэн бол хаалга нь нээлттэй байх ёстой гэдгийг Бурмаа
тэрхэн агшинд санаад амжив. Гэсэн ч гал тогооны өрөө рүү дөхөхдөө цааргалсангүй. Хамаг
бие нь салгалж баахан эргэлзэж тээнэгэлзэж байсан ч хаалгыг хүчтэй түлхэн дотогш орлоо.
Саяхан л байшингийн гаднаас харахад дотор нь сүүдэр бөгтгөнөж харагдсан бол одоо хэн ч
алга. Гэрэл асаалттай, хөргөгчний хаалга нээлттэй байлаа. Гал тогооныхоо өрөөнд суун аяга ус
ууж жаахан тайвшраад бодолхийлэв. Уг нь Бурмаа сүнс, чөтгөрт тэгтлээ их итгээд байдаггүй,
ямар ч сүсэг бишрэлгүй нэгэн. Гэхдээ энэ удаа өөрийг нь яалтчгүй нэг юм ээрээд, тайван
байлгахгүй байгааг мэдрэх шиг. Тийм ээ, яалт ч үгүй нөхөр нь. Нөхрийн нь сүнс, магадгүй
өөрийг нь тайван байлгахгүй хоргоогоод ч байгаа юм уу гэсэн бодол Бурмаагийн толгойд
төрөхтэй нь зэрэгцэн хөргөгчийг ямар мөнгөөр худалдаж авсан нь санаанд нь орлоо. Тийм ээ,
талийгаачийн буяны ажилд цугларсан мөнгөөр энэ хөргөгчийг худалдаж авснаа яагаад арай
эрт санасангүй вэ. Тэр мөнгөөр хөргөгч худалдаж авахдаа Бурмаа огтхон ч тоогоогүй. Харин ч
боломж олдсон дээр нь нэг юмтай болоод авах нь зөв гэж өөрийгөө сайшааж байсансан.
Өглөө боллоо. Бурмаа хөргөгчний дуу, шөнийн зүүднүүдийнхээ учрыг олсон шиг санагдана.
Юм мэддэг, үздэг хардаг гэсэн лам нараар явж учраа хэлж, аргалж өгөхийг хүсэхэд "Хөргөгчөө
зараад мөнгөөр нь буян үйлд” хэмээн айлдацгаав. Гэсэн ч харамсалтай нь Бурмаа тэр зөвлөгөөг
дагасангүй. Нөхрөө амьд сэрүүнд нь ийм хөргөгч аваад өгөөч гэж хичнээн шалсан ч нөхөр
нь авахыг завдаагүй. Тэгтэл харин нөхрийн нь буяны ажилд овоо хэдэн төгрөг цуглараад
нөгөө бараг л мөрөөдөл болоод байсан хөргөгчөө сая нэг авах боломж гарч билээ. Магадгүй
түүнээс болоод ч тэр юм авах боломж гарч билээ. Магадгүй түүнээс болоод ч тэр юм уу Бурмаа
хөргөгчийг нэг тийш нь болгох гэсэн бодлоо хүчээр мартаж орхижээ. Тун удалгүй Бурмаагийн
сэтгэхүйд өөрчлөлт өөрчлөлт орж хөргөгчийнхөө дуунаас айхыг ч болив. Харин ч хөргөгчөө
нээж өмнө нь явган суугаад хэн нэгэнтэй ярилцдаг болох нь тэр. Энэ байдал даамжирсаар
эцэг эх нь Бурмааг сэтгэхүйн эмнэлэгт хэвтүүлжээ. Гэсэн ч Бурмаа шөнө болоод ирэх үест
"Манай нөхөр намайг хүлээгээд хөргөгчиндөө сууж байна. Би очихгүй бол болохгүй” хэмээн
эмч сувилагч нарыг сандаргадаг болов. Түүгээр ч зогсохгүй хаана хөргөгч харагдана тэнд
оччихоод хаалгыг нь нээн хэн нэгэнтэй элдвийг ярилцан тас тас хөхөрч заримдаа бүр мэгшин
уйлдаг боллоо. Тэр бүрмөсөн солиорчээ.
... Шөнө болж сэтгэцийн эмнэлгийн орон дээр унтаж байсан Бурмаа хөргөгч дуугарах чимээнээр
инээмсэглэн сэрлээ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax